1911 оны 12-р сарын 29-ны энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласны 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.
VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулж тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.
УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны өдрийн тогтоолоор 12 сарын 29-ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23-ны өдрийн тогтоолоор Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан байна.