Зөвлөгөөний сэтгэл судлал нь хувь хүн, гэр бүл, бүлгүүд болон олон нийтийн эерэг өсөлт, сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжихийн тулд сэтгэл судлалын зарчмуудыг ашигла зөвлөх, засах үйл ажиллагаа юм. Тэд амьдралын үйл явдал, шилжилт, шийдвэр гаргах, ажил/карьер/боловсрол, гэр бүл, нийгмийн харилцаа, сэтгэцийн эрүүл мэнд, бие махбодийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой зовлон зүдгүүр, хүндрэлтэй тулгарсан олон төрлийн хүмүүстэй ажилладаг. Зөвлөгөөний сэтгэл судлаачид засаж залруулахаас гадна урьдчилан сэргийлэх, сэтгэлзүйн боловсрол олгох, сурталчлах чиглэлээр ажилладаг.
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд туршигдсан үндсэн аргууд байдаг.
1. Психодинамик эсвэл Психоаналитик арга “Зигмунд Фрейд” “Sigmund Freud”
Энэхүү арга нь сэтгэл судлалын эцэг гэж нэрлэгддэг Зигмунд Фрейдийн Психоанализ үзэл онолоос үүсэн, тэр цагаас хойш хөгжиж ирсэн түүхтэй. Гол санаа нь хэн нэгний асуудлыг ойлгохын тулд сэтгэл зүйч эхлээд тухайн хүний сэтгэлийг судалж, ойлгох ёстой. Үүнд зөвхөн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг оруулаад зогсохгүй өнгөрсөн (болон мартагдсан) гэмтэл гэх мэт далд ухамсарт болон ухамсарт нуугдаж болох зүйлс рүү шумбаж, өнөөгийн асуудалд нөлөөлж болзошгүй сөрөг холбоо, хөшүүргийг илрүүлэх зэрэг орно. Психодинамикийн зөвлөгөө нь үйлчлүүлэгчийн оюун ухаан, зан чанарын өөр өөр талуудыг мэдэж, тэдний далд сэдлийг таньж, сэтгэцийн тэнцвэрт байдалд хүрэхэд нь туслах зорилготой юм.
2. Зан үйлийн зөвлөгөө “Джон В. Ватсон”
Зан төлөвийн зөвлөгөө нь хооллох эмгэг, түгшүүр зэрэг хүсээгүй зан үйлийн асуудалтай тэмцэж буй хүмүүст зориулагдсан байдаг. Энэ арга нь хүний зан төлөвийг хүрээлэн буй орчноос нь тодорхойлдог гэж үздэг бөгөөд үйлчлүүлэгч тухайн сөрөг зан үйлийг бэхжүүлж, урамшуулж буй орчинд үлдэх эсвэл тухайн байдлыг өөрчлөөгүй байвал асуудал хэвээр үлдэнэ гэж үздэг. Энэхүү аргаар зөвлөгөө өгөх гол түлхүүр нь өмнө нь суралцсан байгаа сөрөг зан үйлийг хэрхэн зуралцсан болохыг илрүүлэн, орлуулах зан үйлд суралцуулах байдалд чилүүлэх юм. Сэтгэл зүйч үйлчлүүлэгчийн зан төлөвийг өөрчлөн чиглүүлэхийн тулд өөр өөр төрлийн зөвлөгөө эмчилгээг ашиглаж болох боловч хүссэн үр дүн нь ижил байна.
3. Гуманист зөвлөгөө (Хүмүүнлэгийн зөвлөгөөний арга) “Карл Роджерс” “Абрахам Маслоу”
Хүмүүнлэгийн зөвлөгөө нь хувь хүн бүр өвөрмөц бөгөөд сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн хувьд хөгжих орон зайтай гэсэн таамаглал дээр суурилдаг. Амьдралын үйл явдлуудад анхаарлаа төвлөрүүлэхийн оронд хүмүүнлэгийн арга нь үйлчлүүлэгчид эдгээр үйл явдлыг хэрхэн мэдэрч, тэдгээр туршлага нь тэдэнд хэрхэн мэдрэгдэж байгааг судалдаг. Энэ төрлийн зөвлөгөөний зорилго нь үйлчлүүлэгчид амьдралын үйл явдлуудад үзүүлэх хариу үйлдэл нь тэдэнд хэрхэн нөлөөлж болохыг ойлгоход нь туслах явдал юм. Хүмүүнлэгийн аргыг ашигладаг сэтгэл зүйчид үйлчлүүлэгчид тулгамдсан асуудлаа даван туулах, өөрсдийн шийдлийг олох ур чадвараар хангадаг.
4. Танин мэдэхүйн арга “Жан Пиаже” “Jean Piaget”
Бодит байдлын эмчилгээ, хүлээн зөвшөөрөх эмчилгээ зэрэг нь танин мэдэхүйн зөвлөгөөгөөр дамжуулан үйлчлүүлэгчийн сэтгэлгээг бодит байдалтай нийцүүлэхэд чиглэгддэг. Бодит байдал, сэтгэхүй хоорондоо зохицохгүй бол энэ нь сэтгэлзүйн болон сэтгэл хөдлөлийн хүндрэлийг үүсгэдэг гэж үздэг. Тиймээс танин мэдэхүйн аргыг ашигладаг сэтгэл зүйчид сэтгэлгээний хэв маягийг сорьж, тэдгээрийг бодит байдалд нийцүүлэхийг хичээдэг бөгөөд ингэснээр өвчтөнүүд асуудлынхаа үнэн зөв шийдлийг олох боломжтой болно. Сэтгэл зүйчид зөвлөгөө өгөхдөө эдгээр зөвлөгөөний 4 арга зүйг голчлон ашигладаг. Сэтгэл зүйч өөрт хандаж байгаа үйлчлүүлэгчийн ялгаатай асуудал бүрд тохирсон аргыг сонгож зөвлөгөөг өгдөг ба асуудлын онцлог байдлаас шалтгаалан хэд хэдэн аргыг хамт ашиглах ч тохиолдол гарч болдог